Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
2022 ОНЫ ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН
Шинэчлэгдсэн: 2023-03-26 15:05:29


2022 ОНЫ ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ
ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН
Гадаргын усны чанар, бохирдлыг Хараа гол, Шарын гол, Хүйтэний голын 5 цэгийн 47 дээжинд 24 үзүүлэлтээр MNS, MNSISO стандартын дагуу 1128 шинжилгээний ажлыг гүйцэтгэсэн. Шинжилгээний дүнг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад 01, 03 дугаар сард Хараа-Дархан доод цэгт аммонийн азот /NH4/ агууламж 2.0-2.9 дахин, хяналтын бүх цэгт хаврын шар усны үерийн болон зуны хур борооны үерийн үед 04-07 дугаар сард биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 1.1-1.9 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ 1.1-2.8 дахин давж бохирдсон ба бусад үзүүлэлтүүд стандартаас давсан тохиолдолгүй. 08-11 дүгээр саруудад хяналтын бүх цэгүүдэд бохирдлын үзүүлэлтүүд стандарт хэмжээнд байсан. Гадаргын усны чанарын хяналтаар Хараа, Шарын гол, Хүйтэний голын усны чанарын индексийн үнэлгээ “Цэвэр” ангилалд байна.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний жилийн дундаж агууламж

Хаягдал усны химийн шинжилгээний хяналтаар төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын 24 дээж, 3, 6, 8, 11 дүгээр сард Шарын гол сумын ЦБ, Салхит өртөөний ЦБ, Хонгор сумын ЦБийн оролт, гаралтын 24 дээж нийт 48 дээжийг стандартын дагуу авч 12 үзүүлэлтээр 576 шинжилгээг хийсэн. Цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанар Дархан сумын ТЦБ-87.1%, Шарын гол сумын ЦБ- 74.2%, Салхит өртөөний ЦБ-79.2%, Хонгор сумын ЦБ-55.7% дундаж цэвэрлэгээний чанартай байна. Дархан cумын төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэгч бодисын агууламж 1.2-4.2 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 1.2-3.2 дахин, нийт азотын агууламж 1.1-2.2 дахин давсан бохирдолтой хаягдал усыг Хараа голд нийлүүлсэн. Хаягдал усны хяналтаар цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанарыг өмнөх оны дүнтэй харьцуулахад Дархан сумын ТЦБ- 3.7%, Хонгор сумын ЦБ 6% тус тус нэмэгдсэн, Шарын гол сумын ЦБ 3.4%, Салхит өртөөний ЦБ 2.2%-аар тус тус буурсан. Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2022 оны 01-12 дугаар сарын дүнгээр харууллаа.

ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН