Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

ДАРХАН -УУЛ АЙМГИЙН ГАЗАР ЗҮЙ, УУР АМЬСГАЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ

Шинэчлэгдсэн: 2019-08-26 04:02:02
        Дархан-Уул аймаг нь Монгол орны хойд, Сэлэнгэ аймгийн төв хэсэгт, Хэнтийн нурууны салбар уулсын хоорондох намхан гүвээ толгод, Хараа голын хөндийд далайн түвшнээс дээш 705м өндөрт, уртрагийн 1050 56/, өргөрөгийн 490 29/  оршино.
Тус аймаг нь  330 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд гуу жалгаар хэрчигдсэн, тэгш биш долгиолог гадаргуутай байдаг.
       Аймгийн хөрс ургамлын бүрхэвч олон янз байх бөгөөд элсэнцэр, хөнгөн шавранцар хүрэн хөрс зонхилно. Хараа, Шарын голын хөндийгөөр хөрсний бүтэц үржил шимийн хувьд газар тариалан, малын бэлчээрт тохиромжтой. Аймгийн нутагт 400 орчим зүйлийн шувуу, 4 зүйлийн гүрвэл, хоёр  нутагтан, 50 гаруй зүйлийн загас, 5 зүйлийн туурайтан, 30 гаруй зүйлийн мэрэгчид, 10 гаруй зүйлийн махан идэштэн, 2 зүйлийн гар далавчтан 12 зүйлийн нялцгай биетэн, 12000 зүйлийн шавьж багтдаг.
        Аймгийн хэмжээгээр ойн сангийн нийт талбайн 96.4% буюу 76135 га-г ойн талбай, 3.6 % буюу 2877 га-г ойн бус талбай эзэлдэг бөгөөд ойн сангийн 72.8 хувийг хус, 23.7 хувийг нарс эзэлж байна. Байгалийн эрс тэс уур амьсгалтай, жилийн 4 улирлын ялгаа ихтэй, агаарын температурын хэлбэлзэл их, хур тунадасны хэмжээ, чийг багатай цаг агаарын нөхцөлтэй. Тус  аймаг нь уур амьсгалын мужлалын хувьд ширүүвтэр өвөлтэй, дулаан зунтай, чийгээр дутмаг мужид багтана.
 
Нарны цацраг:
Тухайн нутгийн газар зүйн болон гадаргын байрлал, өндөр, өргөрөг, үүлшил, цаг агаарын үзэгдэл зэргээс хамааран нарны гийлүүлэл, нарны цацрагын хэмжээ харилцан адилгүй хуваарилалттай. Дархан-Уул аймгийн нутагт жилд дунджаар 2177-2793 орчим цаг нар гийгүүлдэг бөгөөд нарны гийгүүллийн хоногийн дундаж хугацаа зун 9-10.5 цаг, өвөл 3.5-6.5 цаг, хавар, намрын улиралд 6-8 цаг байдаг. Фотосинтезийн идэвхт цацраг 153.7-239.4 мДж/ см2  байдаг.
 
Агаарын даралт:
Станцын түвшин дэх агаарын даралтын сарын дундаж утга 922.9-940.1 г/Па, хамгийн их даралт нь 957.6- 965.8 г/Па, хамгийн бага нь 818.1-913.0 г/Па хооронд хэлбэлздэг.
 
Агаарын температур:
Дархан-Уул аймаг орчмын нутгаар сүүлийн 30 жилийн хугацаанд агаарын температурын жилийн дундаж -1.9 градус хүйтнээс +3.2 градус дулаан байдаг байна. 1984-1988,1991,1996, 2005, 2010, 2012 онуудад агаарын температурын жилийн дундаж утга хасах градустай, бусад онуудад нэмэх градустай байдаг.
Агаарын температурын УАД-нь 0.7 градус дулаан, хамгийн их нь 1999 онд 44.5 градус /Хонгор суманд 7 сард / хүрч халсан, хамгийн бага нь 2001 онд -48.5 градус  /Хонгор суманд 1 сард / хүрч хүйтэрсэн байна. Жилд дунджаар 220-230 өдөр хүйтрэлтэй байж бусад хугацаанд дулаан байдаг. УАД-аар хаврын эцсийн цочир хүйтрэл агаарт 5 дугаар сарын III-10 хоногт, намрын эхний цочир хүйтрэл 9 дүгээр сарын II-10 хоногт  ажиглагддаг.
 
Хөрсний температур:
Дархан-Уул аймгийн хөрсний гадаргын температурын УАД 3.1 градус дулаан, хамгийн их нь 2010 онд 71,2 градус /Шарын гол суманд 7 сард/ хүрч халсан, хамгийн бага нь 1999 онд - 49.2 градус /Дархан суманд 1 сард/ хүрч хүйтэрч  байсан.
Хөлдөлтийн гүн жил бүр харилцан адилгүй байдаг ба дунджаар 260 см хүрч хөлддөг. УАД-аар 11 дүгээр сарын I-10 хоногт хөрс хөлдөж эхлэдэг бөгөөд 2 дугаар сарын I-10 хоногт бүрэн хөлдөж дуусдаг. Хавар 3 дугаар сарын III-10 хоногоос хөрсний өнгөн үе гэсэж, 4 дүгээр сарын II-10 хоногоос 5 дугаар сарын II-10 хоногийн хооронд хөрс бүрэн гэсэж дуусдаг.
 
Хур тунадас:
Аймгийн нийт нутгаар жилд дунджаар 330.7 мм хур тунадас унадаг бөгөөд  хур тунадасны 90% нь дулааны улиралд, 10% нь хүйтний улиралд ордог байна. Хур тунадасны 30 жилийн нормоос харахад хамгийн их нь 1985 онд 472,4 мм тунадас, хамгийн бага нь 1986 онд 195.6 мм тунадас унаж байжээ.
Тус  аймагт 1985, 1990, 1994 онуудад харьцангуй их нь тунадас унаж байсан ба 1985 онд Дархан суманд 472,4 мм, Орхон суманд 407.3 мм, Хонгор суманд 354 мм, 1990 онд Дархан суманд 410.9 мм , 1994 онд Хонгор суманд 417.0 мм, Орхонд 372.1 мм тунадас оржээ.
 
Агаарын чийгшил:
Агаарын үнэмлэхүй чийгшил /усны уурын даралтын хэмжээ/ дунджаар 4.3-6.8 мб байдаг. Түүний жилийн явц нь агаарын температурын хэлбэлзэлтэй адил явцтай байна.  Хамгийн бага утга нь 1 дүгээр сард 0.5-1.8  мб, хамгийн их нь 7 дугаар сард 9.3-16.7 мб  байдаг.
 Агаарын дутагдал чийгшил дунджаар 4.8 мб, хамгийн их нь 6 дугаар сард 11.1 мб, хамгийн бага нь  1 дүгээр сард 0.1 мб байна. Агаарын харьцангуй чийгшил дунджаар 68-79% байдаг. Хаврын улиралд /4,5 дугаар сард/ шилжин ирж буй агаарын урсгал хуурай, салхины хүч их зэргээс шалтгаалан харьцангуй чийгшил бага байна. Харьцангуй чийгшлийн хоногийн явц нилээд хэлбэлзэлтэй байдаг ба хамгийн бага нь 13-14 цагийн орчим, хамгийн их нь 4-6 цагийн орчим  ажиглагдана.
 
Салхины горим:
Салхины горим нь агаар мандлын орчил урсгал, тухайн орон нутгийн дулааны  баланс, уул зүйн онцлогоос шалтгаална. Судалгааны хугацаанд салхины зонхилох чиглэл нь өмнө ба хойд зүгээс, хурдны дундаж 3.4 м/сек байдаг. Салхины үнэмлэхүй их хурд хүйтний улиралд олон жилийн дунджаар 20-23 м/сек, дулааны улиралд 25-32 м/сек хүрдэг.
 
Хүчтэй салхи:
Хүчтэй салхи, шороон шуурга нь эдийн засагт ихээхэн хор хохирол үзүүлдэг аюултай болон гамшигт үзэгдлийн нэг юм. Сүүлийн жилүүдэд хүчтэй салхины тохиолдлын тоо буурах хандлагатай байгаа боловч энэ нь жил жил өөр өөр байх ба ялангуяа хүчтэй аадар борооны өмнө болон аадар бороотой давхцан ажиглагдан түүний учруулсан хохирлын хэмжээ өсөх хандлагатай байна. Хүчтэй салхи манай аймгийн хувьд жилд дунджаар 2-3 удаа ажиглагддаг.
 
Шороон шуурга:
Шороон шуурга нь салхины хурд, газрын гадаргын байдал, хөрсний элэгдэл зэргээс их хамаардаг. Шороон шуурганы улмаас газрын гадаргад их хэмжээний элс зөөгдөн ирж зам харгуйг дарах, хөрсний элэгдлийг бий болгох нөхцөл нь болж байна.
Манай аймагт жилд дунджаар 7-8 өдөр шороон шуургатай байдаг бөгөөд энэ нь гол төлөв  хавар  3-5 дугаар сард ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд хүчтэй салхитай өдрийн тоо буурч байгаа боловч шороон шуургатай  өдрийн тоо нилээд нэмэгдэх хандлагатай  байна. Энэ нь хөрсний элэгдэл, элс, шорооны зөөгдлөөс хамаарч салхины хурд нэмэгдэх төдийд их хэмжээний тоос шороо босч алсын барааг муутгаж байгаа нь хүний хүчин зүйл, хот суурингийн хэт төвлөрлөөс их хамаарч байна.
Манай аймгийн хэмжээнд 2004 онд хамгийн олон буюу 21 өдөр шороон шууургатай байсан бол 1997 онд хамгийн бага  4 өдөр шороон шуургатай байсан
 
Цасан шуурга:
Дархан-Уул аймагт УАД-аар 14 удаа цасан шуурга ажиглагдсан. Цасан шуургатай өдөр нэмэгдэж байгаа нь хаврын улиралд агаарын температурын хэлбэлзэл ихтэй байдгаас зарим жил 5 дугаар сард цас орж  цасан шуурга шуурч байсан байна. Судалгаанаас харахад 2001 онд хамгийн олон 22 өдөр цасан шуурга шуурсан байна.
 
 
 
МЭДЭЭ БАЙРШУУЛСАН:
УУР АМЬСГАЛЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Ө.ЭНХТУЯА