Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ХУР ТУНАДАС УРГАЦЫН ХАМААРАЛ

Шинэчлэгдсэн: 2024-03-18 05:14:40
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ХУР ТУНАДАС
 УРГАЦЫН ХАМААРАЛ

 

1ХААЦУ-ын ерөнхий технологич Л.Гүнжидмаа, gunj9913gmail.com      
                                                                                                        Дархан-Уул аймгийн УЦУОШТ

      

             Дархан-Уул аймгийн 2012-2022 оны бэлчээрийн ургамлын ургалтын хугацааны  хур тунадаснаас ургац хэрхэн хамаарах хамаарал түүний нөлөөллийг тооцов.

Түлхүүр үг: Бэлчээрийн ургамал, хашаалаагүй талбай, хур тунадас, хамаарлын итгэлцүүр

Оршил

Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн төв хэсэгт, Хэнтийн нурууны салбар уулсын хоорондох намхан гүвээ толгод, Хараа голын хөндийд далайн түвшнээс дээш дунджаар 700-900 м өндөрт, гуу жалгаар хэрчигдсэн, тэгш биш долгиолог гадаргуутай 330 мянган га талбай эзлэн оршино. Нарны элч, агаар мандлын орчил урсгал, тухайн газар нутгийн хотгор гүдгэр нь их бага ямар ч орон нутгийн уур амьсгал бүрэлдэн тогтоход гол хүчин зүйл болдог. Удаан үргэлжлэх хүйтэн өвөл, үе үе цочир хүйтрэл болтлоо сэрүүсдэг богино зун, хур чийг ихэнхдээ дутмаг байх эх газрын уур амьсгалын эрс тэс үндсэн шинж Дархан-Сэлэнгийн нутгаар тодорхой илэрдэг.

             Бэлчээрийн ургамлын ургацад нөлөөлөх хүчин зүйлсийн дотроос хамгийн чухал нөлөө үзүүлэх чийгийн хангамжийн нөхцөл бөгөөд ихэнхдээ ургамлын ургах хугацааны сүүлчийн хагаст хур бороо ахиу ордог онцлогтой.

            Дулааны нөөц хангалттай ч хөрсөнд чийг дутагдалтай нөхцөлд ургамал зөвхөн тэр чийгийн хэмжээнд тохирох гэрэл дулааныг авч ашигладаг гэдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг. Иймд хөрс цаг уурын нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглах, бэлчээр болон газар тариалангийн үйлдвэрлэлийг цаг уурын онцлогтой уялдуулан хөтлөхөд ажиглалт судалгааны мэдээнд тулгуурласан үр дүн чухал ач холбогдолтой юм.

Судалгааны зорилго, зорилт

            Бэлчээрийн ургамлын ургац, хур тунадаснаас хэрхэн хамаарах хамаарал, нөлөөллийг сүүлийн 11 жилээр тодорхойлох  зорилгоор дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:

  1. Бэлчээрийн ургамлын ургацын өөрчлөлтийн хандлага
  2. Бэлчээрийн ургамлын ургалтын хугацааны хур тунадас, ургац хоорондын хамаарал
  3. Бэлчээрийн ургамлын бүрхэцийн эзлэх хувь

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

         Бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайн ургац нь тухайн жилийн цаг агаарын нөхцөл, ургамлын ургалтын хугацаанд орсон хур тунадасны хэмжээ, малд идэгдсэн идэгдэц зэргээс шалтгаална. Олон жилийн дунджаар бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд 5 дугаар сарын сүүлчээр ургац авах нөхцөл бүрддэг.

          Нийт сумдын нутгаар 2012-2022 онуудад 05 дугаар сард чийг дутмаг, 06 дугаар сард халалттайгаас бэлчээрийн ургамлын ургац бага зэрэг бууралттай байсан ч, 07, 08 дугаар сард хур тунадас ахиу орж ургац нэмэгдсэн,  хамгийн их ургац 8 дугаар сард тодорхойлогдсон байна. 

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЦЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХАНДЛАГА

     Дархан-Уул аймгийн бэлчээрийн хашаалаагүй талбайд тодорхойлсон ургацыг сүүлийн 11 жилийн байдлаар авч ургацын өөрчлөлтийн хандлагыг тодорхойлох оролдлого хийлээ.  Аймгийн хэмжээнд 2012-2022 оны байдлаар хашаалаагүй талбайн бэлчээрийн ургамлын ургац 2015 онд хамгийн бага 1-2 ц/га, 2012, 2018-2022 онуудад хамгийн их 3-8 ц/га, бусад жилүүдэд дунджаар 2-4 ц/га ургац бүрдсэн байна.

Сумдын бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайн ургац сүүлийн 11 жилд Орхон суманд 0.2 ц/га –аар буурсан, бусад  сумдад 0.8...2.1 ц/га-аар өссөн хандлагатай байна. (Зураг1.)

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ХУР ТУНАДАС, УРГАЦЫН  ХАМААРАЛ

           Бэлчээрийн ургамлын ургалтын хугацааны  5-8 дугаар сард хур тунадас, ургац хоорондын харьцуулан авч үзэхэд Дархан суманд R=0.17 сул, Хонгор суманд R=0.46 эерэг сайн, Орхон суманд R=0.78 эерэг сайн, Шарын гол суманд  R=0.40 эерэг сайн хамааралтай байна. (Зураг 2.)

Ургалтын хугацааны хур тунадас, ургацын корреляцийн хамаарлыг тооцож үзвэл Дархан суманд R=0.17 сул хамааралтай, бусад сумдад R=0.40-0.78 хооронд эерэг сайн хамааралтайг илтгэх бөгөөд сумдын газар зүйн онцлог байршлаас шууд хамааралтай байна.

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН БҮРХЭЦ

 Бэлчээрийн  ургамлын ургац тодорхойлоход ургамлын бүрхэцийг нүдэн баримжаагаар үнэлдэг. Бэлчээрийн ногоон ургамлын эзлэх хувь газрын гарц тухайн жилийн зуншлагын байдалтай шууд хамааралтай байдаг.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2012-2022 онуудад ногоон ургамлын эзлэх хувь их, ургацын хэмжээ нэмэгдэж байгаа нь хур тунадас нөлөөлж байна.   

             Дүгнэлт:

  1. Дархан-Уул аймгийн бэлчээрийн ургамлын ургац сүүлийн 5 жилд Орхон суманд 0.2 ц/га –аар буурсан, бусад  сумдад 0.8...2.1 ц/га-аар өссөн хандлагатай байна.
  2. Ургалтын хугацааны хур тунадас, ургацын корреляцийн хамаарлыг тооцож үзвэл Дархан суманд R=0.17 сул хамааралтай, бусад сумдад R=0.40-0.78 хооронд эерэг сайн хамааралтай байна.
  3. 2012-2022 онуудад ногоон ургамлын эзлэх хувь их, ургацын хэмжээ нэмэгдэж байгаа нь хур тунадас нөлөөлж байна.  

 

             Ашигласан хэвлэлийн жагсаалт

  1. Билэгсайхан.Г, Оюун.Ж, “Дархан-уул аймаг орчмын цаг агаарын ерөнхий төлөв” УГТХ Мэдээлэл №2 1995
  2. Хөдөө аж ахуйн цаг уур, бэлчээрийн ургамлын ажиглалтын заавар, УБ 2011 
  3. Билэгсайхан. Г, “Хөдөө аж ахуйн цаг уур” Дархан 2021
  4. Дархан-уул аймгийн уур амьсгал, орчны төлөв байдлын эмхтгэл, УЦУОШТ 2014