Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2019 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2023-03-26 10:54:24


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2019 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ
Зуны улирлын цаг агаарын нөхцөл:
Дархан-Уул аймгийн нутгаар 2019 оны 6-8 дугаар сард агаарын температурын дундаж 18.0....20.1 градус дулаан байлаа. Зуны улирлын агаарын температурын дунджийг уур амьсгалын дундажтай харьцуулахад 06, 07 дугаар саруудад Дархан суманд 2.0-2.7 градусаар дулаан бусад сумдад дунджийн орчим, 08 дугаар сард Дархан, Орхон сумдад дунджийн орчим, Хонгор, Шарын гол сумдад 1.3...1.7 градус сэрүүн байлаа.

Зураг 1. Зуны улирлын агаарын температурын явц

Зураг 2 Зуны улирлын хөрсний температурын явц
Жилийн хамгийн их халуун 06 дугаар сард ажиглагдаж агаарын үнэмлэхүй их температур 34.3-36.4 градус хүрч халсан нь Орхон суманд дунджийн орчим, бусад сумдад дунджаас 1.7-4.9 градусаар дулаан байлаа. Энэ зун агаарт 30 градусыг давж халсан өдөр Шарын гол суманд 19, бусад сумдад 30-32 тохиолдсон нь 2018 оныхоос 8-9 өдрөөр олон ажиглагдажээ.
Аймгийн нийт нутгаар зуны улирлын хөрсний гадаргын температурын дундаж 23-28 градус дулаан байж Дархан суманд дунджаас 3.5- 4.3 градусаар дулаан, Хонгор суманд 06 дугаар сард 1.9 градусаар дулаан бусад саруудад дунджийн орчим, Шарын гол суманд дунджаас 2.3...3.6 градусаар сэрүүн, Орхон суманд дунджийн орчим байлаа. Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 61.8-68.6 градус дулаан байсан ба судалгааны жилүүдийн үнэмлэхүй их температурын дундажтай харьцуулахад Дархан, Хонгор сумдад 9-11 градус, Орхон суманд 1.6 градусаар дулаан, Шарын гол суманд дунджийн орчим байв. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж Шарын гол суманд 57, бусад сумдад 68-75 өдөр халсан байна. УАД-аас Дархан, Хонгор сумдад 19-20 өдрөөр, Орхон суманд 5 өдрөөр тус тус олон, Шарын гол суманд 3 өдрөөр цөөн халсан байна.
Хур тунадас: Зуны улиралд нийт нутгаар 35-45 өдөр тунадас орж, Дархан суманд 262.1 мм, Хонгор суманд 229.5 мм, Шарын гол суманд 221.7 мм, Орхон суманд 298.7 мм тунадас унасан байна.

Зураг 3. Зуны улиралд орсон хур тунадасны хэмжээ, мм
2019 оны 6-8 дугаар саруудад орсон тунадасны хэмжээг уур амьсгалын дундажтай харьцуулахад 06 дугаар сарын I-10 хоногт Орхон суманд дунджаас бага, бусад сумдад дунджийн орчим, II-10 хоногт Дархан, Хонгор сумдад дунджаас бага, бусад сумдад дунджийн орчим, 06 дугаар сарын III-10 хоног, 07 дугаар сард аймгийн нийт нутгаар дунджаас ахиу, 08 дугаар сард Шарын гол суманд дунджаас бага, бусад сумдад дунджийн орчим тунадас унасан.
Аймгийн нийт нутгаар зуны улиралд аадар бороо 21-29, бороо 20-26 удаа оржээ. Бороотой өдрийн тоог хүснэгтээр гаргав./ Хүснэгт 1/

Хүснэгт 1. 2019 оны зуны улиралд орсон бороотой өдрийн тоо
Салхи: Зуны улиралд салхины хурдны дундаж 2.3-2.8 м/с, үнэмлэхүй их хурд 14-29 м/с, 10 м/с-ээс дээш хурдтай салхитай өдрийн тоо 06 дугаар сард нийт сумдаар 13-20 өдөр, 07 дугаар сард 10-17 өдөр, 08 дугаар сард 3-7 өдөр тус тус ажиглагдлаа.
Зуншлагын байдал:
05 дугаар сард ихэнх нутгаар сэрүүн байснаас ургамлын ургалт удааширч 06 дугаар сард халалтын улмаас гэмтсэн. 06 дугаар сарын сүүлчээр зуншлага сайжирсан ч 07 дугаар сарын II-10 хоногт халалт ажиглагдаж ургамал дахин гандаж гэмтэж III-10 хоногоос хур тунадас ахиу орж зуншлага сайжирсан. Аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 06 дугаар сард 5-8 см, 07 дугаар сард 9-11 см, 08 дугаар сард 14-17 см хүрсэн. Бэлчээрийн ургамлын өндрийг олон жилийн дундаж өндөртэй харьцуулахад 06 дугаар сард Дархан, Хонгор сумдад 5-7 см-ээр, 07, 08 дугаар сард нийт нутгаар 4-6 см-ээр тус тус намхан ургасан байна.
Бэлчээрийн ургамлын ургац 06 дугаар сард нийт нутгаар 1.0-1.7 ц/га ургац бүрдэж цаашид нэмэгдэн 08 дугаар сард мал бэлчээрлэж буй Хонгор, Орхон сумдын нутгаар 3.4-3.8 ц/га, Дархан, Шарын гол сумдад 5.9-8.1ц/га ургац бүрджээ. 08 дугаар сарын 25-ны байдлаар Дархан, Шарын гол сумдад дунджаас 1.1-2.7 ц/га-аар ахиу, бусад сумдад 1.6-2.0 ц/га –аар бага ургац гарсан. Мал бэлчээрлээгүй хашаалсан талбайд 7.1-32 ц/га бүрдэж, Шарын гол суманд дунджаас 2.9 ц/га-аар бага, Дархан суманд олон жилийн дунджаас ахиу ургац бүрдсэн.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ” –ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 06 дугаар сард Дархан сум гандуу бусад нутгаар хэвийн зуншлагатай байлаа.
2019-2020 оны Өвөл- Хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж боловсруулан гаргасан.
Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян өлзийт баг, Шарын гол сумын нийт нутгаар бэлчээрийн даац хэтэрч гарсан. Өвөл –Хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр эртнээс анхаарч, мал өвөлжит хаваржилтанд одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй. 06 дугаар сард халалт ажиглагдаж хур тунадас орйтож орсноос нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац дунд зэрэг, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй зэрэг нь даац хэтэрч гарах шалтгаан болсон.

Хортон шавьж, мэрэгчид:
Дархан-Уул аймгийн нийт сумдаар бэлчээрийн ургамлын хортон царцааны авгалдай 05 дугаар сарын 2-р 10 хоногоос гарч, 07 дугаар сард бие гүйцсэн. Төрөл зүйлийн хувьд тоонолжит, сибирийн, барабений таршаа, азийн судалт, нүүдлийн зэрэг царцаа зуны турш 1м2 талбайд 3-6 ш царцаа тоологдож байв.
Царцааны болон нисэгч хөнөөлт хортон шавьжийн хэт олшролт
Халалтын нөлөөгөөр хортон шавьжийн хэт олшролт ажиглагдах нөхцөл бүрдэж 2019 оны 06 дугаар сарын 20-нд Орхон сумын төвөөс зүүн өмнө зүгт Дарцагт уулын ар орчмын бэлчээрийн талбайд царцааны хэт олшролт ажиглагдаж 1м2 талбайд дунджаар 11 ширхэг царцааны авгалдай тоологдож, төрөл зүйлийн хувьд Сибир, Тоонолжит, Нүүдлийн царцааны ажиглагдсан.
06 дугаар сард Орхон сумын төвөөс зүүн өмнө зүгт Хүрээлэнгийн судалгааны талбай орчмоор хөнөөлт шавьж Нугын бор эрвээхийн олшролт хөрсөн дээр 1 м2 талбайд дунджаар 31 ш тоологдсон.
08 дугаар сарын 09-нд Шарын гол сумын төвийн Бага Дархан орчмоор нисэгч хортон шавьж Нугын бор эрвээхэйн хэт олшролт ажиглагдаж 1 га талбайд 12-17 ширхэг тоологдсон.
Аймгийн нийт нутгаар мэрэгчдийн голомт бүхий газруудад судалгааг хийхэд Дархан сумын Мангирт багийн орчим талбайд 72 ш, Орхон, Шарын гол сумдад 19-20 ш, Хонгор сумын нутгаар 12 ш нүх тоологдсон. Эзэнтэй нүх үлий Дархан суманд 3 ш, бусад сумдын нутгаар илрээгүй.
Бэлчээрийн төлөв байдал:
Бэлчээрийн ургамлын ургац соргог бэлчээртээ 7-14 ц/га, бусад бэлчээрт 3-6 ц/га ургацтай байлаа. 2018 оны мөн үетэй харьцуулахад Орхон сум, Шарын гол сум, Хонгор сумын Салхит, соргог бэлчээр болох Орхон сумын Дардай нуур орчмын бэлчээрт 1-2 ц/га-аар ахиу, Хонгор сумын Цогт өндөр болон бусад бэлчээрт 2.0-3.6 ц/га-аар бага ургац бүрдсэн.
2019 оны зуны улирлын онцлог:
1. Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур Дархан, Хонгор сумдад 68.1-68.6 хүрч судалгааны 35-43 жилд тохиолдсон хамгийн их халуун ажиглагдсан.
2. 07 дугаар сард Орхон суманд 179.9 мм тунадас унасан нь 43 жилийн хугацаанд тохиолдсон 2 дахь удаагийн их хэмжээний тунадас байлаа. 1976 оны 07 дугаар сард 182.1 мм тунадас орж байсан. Мөн Орхон суманд зөвхөн 07 дугаар сарын 28-ны өдөр 41.0 мм бороо орсон.
3. Халалтын нөлөөгөөр хортон шавьжийн хэт олшролт ажиглагдаж Орхон, Шарын гол сумдад нисэгч хөнөөлт болон царцааны хэт олшролт ажиглагдсан.
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
УЦУОШТ-ИЙН АГРО ЦАГ УУРЫН ЕРӨНХИЙ
ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН