Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2019 ОНЫ АГРО ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2023-03-20 17:47:15


Нэг. 2018-2019 оны өвлийн улирлын цаг агаарын нөхцөл
Температур: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 2018 оны 12 дугаар сард агаарын температурын дундаж -20.8....-23.4 градус, 2019 оны 01 дүгээр сард -19.9...-22.3 градус, 02 дугаар сард -18.0...-21.0 градусаар хүйтэн байсан. Агаарын температурын дунджийг уур амьсгалын дунджтай харьцуулахад 2018 оны 12 дугаар сард Дархан, Орхон сумдад дунджийн орчим, Хонгор, Шарын гол сумдын нутгаар -2.3....-2.8 градусаар хүйтэн, 2019 оны 01 дүгээр сард нийт нутгаар дунджаас 2.2....3.6 градусаар дулаан, 02 дугаар сард Дархан, Орхон сумдын нутгаар дунджийн орчим бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас -1.2...-1.9 градусаар хүйтэн болж өнгөрлөө. Агаарт 30 градусаас давж хүйтэрсэн өдрийн тоо 2018 оны 12 дугаар сард 2-4, 2019 оны 01 дүгээр сард 7-11, 02 дугаар сард 10-14 удаа хүйтэрсэн. 30 градусаас давж хүйтэрсэн өдрийг уур амьсгалын дундажтай харьцуулахад 02 дугаар сард 2-5 удаа давж хүйтэрч бусад саруудад дунджаас 5-9 өдрөөр цөөн байсан.

Зураг 1. Өвлийн улирлын агаарын температурын дундаж, градусаар
Хур тунадас: 2018 оны 12 дугаар сард нийт нутгаар 1.6....5.6 мм, 2019 оны 1 дүгээр сард 0.7...1.2 мм, 02 дугаар сард 0.0...0.6 мм, нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага тунадас орсон.
Цасан бүрхүүл: 2018 оны 11 дүгээр сарын III-10 хоногийн эхээр цасан бүрхүүл тогтсон. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар аймгийн нийт нутгийн 80% -нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан Шарын гол сумын Буянт, Дархан уул орчмоор 2-3 см, Хонгор сумын Хар бэлчир орчмоор 10 см, бусад нутгаар 5-7 см, цасны дундаж нягт 0.09-0.19 гр/см3 ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 3-5 см-ээр бага цастай байлаа. Аймгийн нийт нутгаар цас багатай байсан нь малын усан хангамжаар дутагдах, малын хөлөөр тариалангийн талбай, бэлчээр талхлагдах нөхцөл үүссэн. Өвөлжилтийн байдлыг МУ-ын ЗГ-ын 286 дугаар тогтоолын “ Зудыг үнэлэх шалгуур”-аар үнэлэхэд, өвөлжилт хэвийн өнтэй өвөл болсон. 2019 оны 02 дугаар сарын эхээр агаарын температур огцом хүйтэрч бод, бог малын өвлийн бэлчээрлэлтэд цаг агаарын “тааламжгүй” нөхцөл түр зуур үүссэн боловч дунд арав хоногоос хүйтний эрч суларсан.
Хоёр. Хаврын улирлын цаг агаарын нөхцөл
Температур: Аймгийн нийт нутгаар 03 дугаар сарын агаарын температур -0.6...-3.1 градус хүйтэн, 04 дүгээр сард 4.1...6.5 градус, 05 дугаар сард 8.8...11.8 градус дулаан байлаа. Хаврын улирлын агаарын температурын дунджийг УАД-тай харьцуулахад 03 дугаар сард нийт нутгаар 3.6...5.9 градусаардулаан байсан. 04 дүгээр сард Дархан суманд 2.5 градусаар дулаан, Орхон, Хонгор, Шарын гол суманд УАД-ийн орчим, 05 дугаар сард Дархан суманд дунджийн орчим, бусад сумдад УАД-аас 2.4....3.3 градусаар сэрүүн байлаа.

Зураг 2. Хаврын улирлын агаарын температурын дундаж, градусаар
Хур тунадас: 2019 оны хаврын улиралд буюу 03-05 дугаар саруудад Дархан суманд 4.4 мм, Хонгор суманд 4.9 мм, Шарын гол суманд 3.7 мм, Орхон суманд 5.1 мм тунадас унасан байна. Нийт нутгаар 7-14 өдөртай байж, УАД-тай харьцуулахад хаврын сарууддаа бага тунадас орсон.
Зураг 3. Хаврын улиралд орсон хур тунадасны хэмжээ, мм
Салхи: Хаврын улиралд салхины үнэмлэхүй их хурд 16-27 м/с, 10 м/с-ээс дээш хурдтай салхитай өдрийн тоо нийт нутгаар 03 дугаар сард 5-11 өдөр, 04, 05 дугаар сард 15-26 өдөр тус тус ажиглагдлаа. 04 дүгээр сарын 19-нөөс 20 –ны өдрүүдэд аймгийн нийт нутгийг хамарч хүчтэй шороон шуурга шуурч, Хонгор сумын нутагт салхины хамгийн их хурд 27 м/с хүрч шуурсан. Хүчтэй шороон шуурганы үеэр УААД-д учируулсан хохиролгүй өнгөрсөн /Эх сурвалж ОБГ/ .
Цасан бүрхүүл: 03 дугаар сарын 1-р 10 хоногийн сүүлчээр цасан бүрхүүл ханзран, 3-р 10 хоногийн эхэн үеэс цасан бүрхүүл бүрэн арилсан.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Энэ онд аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамал 03 дугаар сарын гуравдугаар 10 хоногийн дунд үеэр цухуйж эхэлсэн. Харин ширэг улалж Орхон, Шарын гол сумдын нутгаар 04 дүгээр сарын эхний 10 хоногт цухуйсан. Малын хорогдолын мэдээ: Аймгийн нийт сумдын нутгаар 03 дугаар сард 141 толгой мал, 04 дүгээр сард 188 толгой мал хорогдсон.
Цочир хүйтрэл: Хаврын эцсийн цочир хүйтрэл 05 дугаар сарын 22 -нд Дархан сумын агаар, хөрсөнд, 05 дугаар сарын 28 нд бусад сумдад ажиглагдаж, жимсний модны навч хайрагдаж ургамалд таагүй нөлөө үзүүлсэн.
Гурав. Зуны улирлын цаг агаарын нөхцөл
Дархан-Уул аймгийн нутгаар 2019 оны 6-8 дугаар сард агаарын температурын дундаж 18.0....20.1 градус дулаан байлаа. Зуны улирлын агаарын температурын дунджийг уур амьсгалын дундажтай харьцуулахад 06, 07 дугаар саруудад Дархан суманд 2.0-2.7 градусаар дулаан бусад сумдад дунджийн орчим, 08 дугаар сард Дархан, Орхон сумдад дунджийн орчим, Хонгор, Шарын гол сумдад 1.3...1.7 градус сэрүүн байлаа.

Зураг 4. Зуны улирлын агаарын температурын дундаж, градусаар
Энэ оны агаар, хөрсний температурын үнэмлэхүй их утгууд нь агаарт 06 дугаар сарын 21 нд 36.4 градус, хөрсөнд нь 06 дугаар сарын 20 нд 68.6 градус хүрч халсан нь Дархан суманд ажиглагдсан. Энэ зун агаарт 30 градусыг давж халсан өдөр Шарын гол суманд 19, бусад сумдад 30-32 тохиолдсон нь 2018 оныхоос 8-9 өдрөөр олон ажиглагдажээ.
Салхи: Зуны улиралд салхины үнэмлэхүй их хурд 14-29 м/с, 10 м/с-ээс дээш хурдтай салхитай өдрийн тоо нийт сумдаар 06 дугаар сард 13-20, 07 дугаар сард 10-17 , 08 дугаар сард 3-7 удаа ажиглагдлаа. 07 дугаар сарын 19 нд Шарын гол суманд салхины үнэмлэхүй их хурд секундэд 29 м/с хүрч хүчтэй салхи салхилж байшин барилгын дээвэр салхинд хийссэн.
Хур тунадас: Зуны улиралд нийт нутгаар 35-45 өдөр тунадас орсон. Үүнээс аадар бороо 21-29 удаа, бороо 20-26 удаа орж, Дархан суманд 262.1 мм, Хонгор суманд 229.5 мм, Шарын гол суманд 221.7 мм, Орхон суманд 298.7 мм бороо орсон байна. 2019 оны 06-аас 08 дугаар саруудад орсон тунадасны хэмжээг уур амьсгалын дундажтай харьцуулахад 06 дугаар сард нийт нутгаар дунджаас бага, 07 дугаар сард дунджаас ахиу, 08 дугаар сард дунджийн орчим, Шарын гол суманд дунджаас бага бороо орсон.

Зураг 5. Зуны улиралд орсон тунадасны хэмжээ, мм
Цаг агаарын үзэгдэл: Шарын гол сумын төв орчмоор 07 дугаар сарын 19-нд 0.6 мм голчтой мөндөр 15 минут, 07 дугаар сарын 28 нд Орхон суманд аадар бороо 02 цаг, зүс бороо 13 цаг үргэлжлэн орж 41 мм тунадас унасан. Үүний улмаас зарим газрын нарийн ногооны талбай усанд автсан. 08 дугаар сарын 25-нд Орхон суманд 11 мм голчтой мөндөр 8 минут үргэлжлэн орсны улмаас зарим төрлийн нарийн ногоо мөндөрт цохиулан ургац буурсан.
Зуншлагын байдал: 06 дугаар сард халалттай, хуурайшилтай байснаас ихэнх ургамал гэмтсэн. 06 дугаар сарын сүүлчээр бороо орж зуншлага сайжирсан ч 07 дугаар сарын II-10 хоногт халалт ажиглагдаж ургамал дахин гандаж ургалт муудсан ч III-10 хоногоос ахиу хэмжээний тунадас орж зуншлага сайжирсан. Аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 06 дугаар сард 5-8 см, 07 дугаар сард 9-11 см, 08 дугаар сард 14-17 см хүрсэн. Бэлчээрийн ургамлын өндрийг УАД өндөртэй харьцуулахад нийт нутгаар 06, 07 дугаар саруудад 4-7 см-ээр, 08 дугаар сард 1-2 см-ээр тус тус нам ургасан байна.
Бэлчээрийн ургамлын ургац 08 дугаар сарын 25-ны байдлаар бэлчээрт 3.4-8.1 ц/га бүрдэж, олон жилийн дунджаас Дархан, Шарын гол сумдад 1.1-2.7 ц/га-аар ахиу, бусад сумдад 1.6-2.0 ц/га –аар бага ургац бүрдсэн. Харин хашсан талбайд 7.1-32 ц/га бүрдэж, олон жилийн дунджаас Шарын гол суманд 2.9 ц/га-аар бага, Дархан суманд дунджаас ахиу ургац бүрдсэн. Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “Гангын байдалд үнэлгээ хийх журам” –ын дагуу үнэлэхэд 06 дугаар сард Дархан сум гандуу бусад хугацаанд нутгаар хэвийн зуншлагатай байлаа.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедици 8 удаа хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулж 06 дугаар сарын 03-ны өдрийн үүлний масс, услагын хэмжээ 90-100% байсан тул 5.0-10.0 мм бороо орж газар тариалангийн үйлдвэрлэлд сайн нөлөө үзүүллээ. Ургамал гандаж шарлаж байсан бол сэргэж ургамлын ургалт, газрын гарц, зуншлагын байдал сайжрах нөхцөл бүрдэж хөрсний чийгийн хангамж нэмэгдсэн. 07 дугаар сарын эхээр мал ногоонд цадаж, малын тарга хүч бүх төрлөөр сайжирсан.
Хортон шавьж, мэрэгчид: Дархан-Уул аймгийн нийт сумдаар бэлчээрийн ургамлын хортон царцааны авгалдай 05 дугаар сарын дунд 10 хоногоос гарч, 07 дугаар сард бие гүйцсэн. Төрөл зүйлийн хувьд Тоонолжит, Сибирийн, Барабений таршаа, Азийн судалт, Нүүдлийн зэрэг царцаа ажиглагдсан. Зуны турш 1м2 талбайд 3-6 ш царцаа тоологдож байв.
Царцааны болон нисэгч хөнөөлт хортон шавьжийн хэт олшролт: Халалтын нөлөөгөөр хортон шавьжийн хэт олшролт ажиглагдах нөхцөл бүрдэж, 2019 оны 06 дугаар сарын 20-нд Орхон сумын төвөөс зүүн өмнө зүгт Дарцагт уулын ар орчмын бэлчээрийн талбайд царцааны хэт олшролт ажиглагдаж, 1м2 талбайд дунджаар 11 ширхэг царцааны авгалдай тоологдсон. Төрөл зүйлийн хувьд Сибир, Тоонолжит, Нүүдлийн царцаа ажиглагдсан. 06 дугаар сард Орхон сумын төвөөс зүүн өмнө зүгт Хүрээлэнгийн судалгааны талбай орчмоор нисэгч хөнөөлт шавьж Нугын бор эрвээхийн олшролт хөрсөн дээр 1 м2 талбайд дунджаар 31 ш тоологдсон.
08 дугаар сарын 09-нд Шарын гол сумын Бага Дархан орчмоор нисэгч хөнөөлт шавьж Нугын бор эрвээхэйн хэт олшролт ажиглагдаж 1 га талбайд 12-17 ширхэг тоологдсон. Аймгийн нийт нутгаар мэрэгчдийн голомт бүхий газруудад судалгааг хийхэд Дархан сумын Мангирт багийн орчим талбайд 72 ш, Орхон, Шарын гол сумдад 19-20 ш, Хонгор сумын нутгаар 12 ш нүх тоологдсон. Эзэнтэй нүх үлий Дархан суманд 3 ш, бусад сумдын нутгаар илрээгүй.
Бэлчээрийн төлөв байдал
2019 онд судалгааны цэгүүдэд 3327 ургамал тохиолдож өмнөх 8 жилийн дунджаас ширэг улалж 48.2%, үетэн 21.5%, шарилж 46.3%, нэг наст 45.4-иар өсч, алаг өвс 38.4%, буурцагтан 3.7%-иар буурсан.

Зураг 6. Зогсоол цэгүүдийн бэлчээрийн ургамлын ургац, ц/га
Бэлчээрийн ургамлын ургац соргог бэлчээртээ 7-14 ц/га, бусад бэлчээрт 3-6 ц/га ургацтай байлаа. 2018 оны мөн үетэй харьцуулахад Орхон сум, Шарын гол сум, Хонгор сумын Салхит, соргог бэлчээр болох Орхон сумын Дардай нуур орчмын бэлчээрт 1-2 ц/га-аар ахиу, Хонгор сумын Цогт өндөр болон бусад бэлчээрт 2.0-3.6 ц/га-аар бага ургац бүрдсэн. Бэлчээрийн мониторингийн 2019 оны дүн мэдээгээр мониторингийн цэгээр төлөөлсөн нийт бэлчээрийн 33 хувь нь сэргэх чадавхийн I түвшинд, 22 хувь нь II түвшинд 45 хувь нь талхлагдсан, ургамлын бүлгэмдэл нэлээд өөрчлөгдсөн, зарим багийн бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, ашиглалтын арга хэлбэрийг улирлаар сэлгэх, түр амраах шаардлагатай бэлчээрт хамрагдаж байна.
Дөрөв. Намрын улирлын цаг агаарын нөхцөл
Температур: Дархан-Уул аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 09 дүгээр сард 12.3-14.0 градус, 10 дугаар сард 0.3-3.2 градус дулаан нийт нутгаар УАД-аас 9 дүгээр сард 1.3.....3.4 градус, 10 дугаар сард 1.0.....1.4 градусаар тус тус дулаан байна. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо 9 дүгээр сард 1-2 удаа давж халсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 7-10 өдөр хур тунадастай байж 9 дүгээр сард 19.3...25.7 мм, 10 дугаар сард 7.5...13.5 мм хур тунадас орж нийт нутгаар УАД-ийн орчим хур тунадас унасан байна.
Салхи: Салхины дундаж хурд нийт нутгаар1.9-2.5 м/сек, салхины хамгийн их хурд 16-18 м/с хүрсэн ба үнэмлэхүй их хурд Орхон суманд 18 м/с хүрсэн. 10 м/сек-ээс дээш салхитай өдрийн тоо 8-11 өдөр тохиолдсон байна. Энэ жилийн хувьд намрын улирал тогтуун цаг агаартай үр тариа, төмс, хүнсний ногоо хураалтын үед тохиромжтой байлаа.
2019 оны онцлог:
-
2019 оны өвөл цас багатай, хаврын саруудад тунадас багатай, 03 дугаар сарын агаар, хөрсний үнэмлэхүй бага температур нь УАД-аас 8-15 градусаар дулаан, 05 дугаар сарын агаарын температур нь УАД-аас сэрүүн, хур тунадас УАД-аас маш бага орсон.
-
06 дуаар сард хөрсний гадаргын үнэмлэхүй их температур Дархан, Хонгор сумдад 68.1-68.6 хүрч судалгааны 35, 43 жилд тохиолдсон хамгийн их халуун ажиглагдсан.
-
07 дугаар сард Орхон суманд 179.9 мм тунадас унасан нь 43 жилийн хугацаанд тохиолдсон 2 дахь удаагийн их хэмжээний тунадас байлаа. Мөн Орхон суманд зөвхөн 07 дугаар сарын 28-ны өдөр 41.0 мм бороо орсон.
Товчилсон үгийн тайлбар: УАД- Уур амьсгалын дундаж
ОЖД- олон жилийн дундаж
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
УЦУОШТ-ИЙН АГРО ЦАГ УУРЫН ЕРӨНХИЙ
ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН